Сүхбаатар
Улсын бага хурлын 1943 оны 2-р сарын 20-ны өдрийн тогтоолоор Жавхлант шарга аймгийг их жанжин Сүхбаатарын нэрэмжит болгож “Сүхбаатар аймаг” гэж нэрлэх болсон. Мөн аймгийн төвийг Баруун-Урт голын дэргэд шилжүүлэн суурьшуулж “Баруун-Урт” гэж нэрлэсэн байна. Тус аймаг нь засаг захиргааны 13 сум, 66 багтай, 60 орчим мянган хүн амтай. Хүн амын олонх нь Халх, Дарьганга ястан бөгөөд Үзэмчин, Барга, Хуучид, Өөлд, Цахар ястан цөөнх хувийг эзэлдэг.
Газар зүй
Тус аймгийн хилийн нийт урт 1340 км бөгөөд урд талаараа БНХАУ-тай 485 км, баруун талаараа Дорноговь аймагтай 165 км, хойд талаараа Хэнтий аймагтай 260 км, зүүн хойд талаараа Дорнод аймагтай 430 км газраар тус тус хиллэдэг. Аймгийн нутаг Дорнод Монголын тэгш талын өмнөд хэсгийн үргэлжлэл бөгөөд нийтдээ 82.3 мянган км квадрат газар нутагтай, тал хээрийн бүсэд багтдаг. Нутгийн ихэнх хэсэг нь далайн түвшнээс дээш 1000-1200м өндөрт оршдог. Хамгийн өндөр цэг нь далайн түвшинээс дээш 1778 метрт өргөгдсөн Шилийн Богд уул, хамгийн нам цэг нь далайн түвшнээс дээш 790 метрт өргөгдсөн “Байшинт” юм.
Ургамал, амьтан
Өвс ургамлын хувьд хайлс, дэлт балгана, тавилганга, нохойн хошуу, монос, ямаан болон нанхиат зээргэнэ ургахын хамт тал хээрийн хиаг, ерхөг, таана, хөмүүл, дэрс, бударгана зонхилно. Эмийн ургамлаас чөдөр өвс, чихэр өвс, зээргэнэ, халгай, таван салаа, тэхийн шээг зэрэг олон төрлийн ургамал ургадаг. Баяндэлгэр, Дарьганга сумын нутагт хунчий, туйплан, Эрдэнэцагаан сумын нутагт Бонго, лантаанз ургахын дээр анхилам үнэрт ургамлаас ганга өвс газар сайгүй тохиолдоно. Хайлс, гүйлс, бургас зэрэг модлог ба бутлаг ургамал бүхий байгалийн гоёмсог баянбүрд Дарьганга, Онгон, Баяндэлгэр, Наран, Эрдэнэцагаан, Сүхбаатар, Түмэнцогт сумын нутагт элбэг.
Цагаан зээр, тарваганы нутагшил нэлээд тархмал байдаг бөгөөд үнэг, чоно, хярс, өмхий хүрэн, мануул, дорго, туулай, шилүүс, илбэнх, хар сүүлт зэрэг ан амьтантай. Эрдэнэцагаан сумын Лхачинвандад, Аратын ууланд буга Түмэнцогтын Хар ямаатын ууланд бор гөрөөс, Бүрэнцогтын хаданд аргаль нутагшиж байна.
Онцлог газрууд
Сүхбаатар нь ус зүйн мужлалаар ус багатай бүст багтах бөгөөд гадаргуугийн ус ховортой, тогтмол урсгалтай гол мөрөн байхгүй боловч 20 гаруй жижиг нуур, 200 орчим булаг шанд, гол горхитой. Хавиргын булаг, Талбулаг, Арын нуур, Рашаант, Эрээн толгой, Далай булаг, Гашуун, Цавчир өвдөг, Модонгийн худаг, Цагаан булаг зэрэг рашаан ус олонтой.
Байгалийн сонин тогтоц бүхий газар нутаг элбэгтэй. Үүнд: Дарьганга суманд 200 гаруй сөнөсөн галт уул, Онгон Дарьганга суманд 127-248 км квадратталбай эзлэх Онгон, Молцогийн их элс, Эрдэнэцагаан сумын нутагт байгалийн нөөц газар Лхачинвандад уул, Дарьганга, Наран сумын нутагт Баяндулаан, Талын агуйт, Мөнххаан сумын Баян-Уулын орчмын агуй. Лог, Будар, Зараа, Төрөнгө, Дэлгэрхаан, Харгилтай зэрэг үлэмж талбай бүхий чулуун тогтоцтой нуруу хөндий олон байдгийн дээр чулуужсан яс зэрэг амьтан ургамлын үлдэгдэл Байшинт, Ходоодын говь, Хорголжингийн талаас олддог юм.
Мэдээллийн эх сурвалж: http://sukhbaatarexperiencemon.weebly.com/
Ерөнхий үзүүлэлтүүд | 2022 | Эрэмбэ |
---|---|---|
Нутаг дэвсгэрийн хэмжээ (мянган км2) | 82.3 | 8 |
Сумдын тоо | 13 | |
Хүн амын тоо (мянга) | 64.7 | 17 |
ДНБ (оны үнээр, тэрбум төгрөг) | 594.1 | 12 |
Нэг хүнд ногдох ДНБ (оны үнээр, мянган төгрөг) | 9187.8 | 5 |
Ажилгүйдлийн түвшин (%) | 2.8 | 3 |
Инфляци (%) | 11.6 | 11 |