Сэлэнгэ
1931 онд “Газар тариалангийн аймаг” нэртэйгээр байгуулагдаж, 1934 онд ард түмний хүсэлтээр Сэлэнгэ аймаг хэмээн нэрлэжээ. Аймгийн төв нь Сүхбаатар хот, нийслэл Улаанбаатар хоттой төмөр зам болон асфальтан хучилттай замаар холбогддог ба нийслэлээс 321 км зайтай оршино.
Сэлэнгэ аймаг нь газар тариалан голлон хөгжүүлсэн аймаг. Манай орны газар тариалангийн талбайн үлэмж хэсэг Орхон, Сэлэнгийн сав газарт төвлөрсөн байдаг. Улсын үр тарианы 45 орчим хувийг үйлдвэрлэдэг, 570 гаруй мянган малтай. Сэлэнгэ аймагт мод боловсруулах, гурилын, хүнсний, спирт бал бурмын үйлдвэр, вагон засварын газрууд байдаг. Сүхбаатар хот төмөр зам ба авто замын гол зангилаа нутаг бөгөөд хилийн байнгын чухал гарцын нэг юм.
Газар зүй
Сэлэнгэ аймаг Монгол орны нутгийн хойд хэсэгт Орхон, Сэлэнгийн сав газарт оршдог. Нутгийн баруун хойд хэсгээр юрийн хурдас, өмнөд хэсгээр нь герциний боржин, зүүн хэсэгт гүний боржин тархжээ.
Ургамал, амьтан
Нутгийн уулархаг хэсгээр ой хөвч тайга, бусад хэсгээр бэлчээрийн ургамал, гол мөрдийн хөндийгөөр шугуй ургажээ. Ойн ба хээрийн амьтад тархсан.
Онцлог газрууд
Аймгийн нутагт нүүрс (Улаантолгой, Шарын гол), төмөр (Төмөртэй, Төмөртолгой), алт (Их Алтат, Бугант, Толгойт) болон барилгын материалын баялаг бий. Сэлэнгэ, Орхон, Хараа, Ерөө зэрэг манай орны том гол мөрд урсана. Ерөө, Товхонханы, Хондын Могойн зэрэг рашаантай. Нутгийн ихэнх хэсэгт уулын хар шороон хөрс, гол мөрдийн хөндийн хагшаа хурдаст хөрс тархжээ.
Мэдээллийн эх сурвалж: http://selenge.gov.mn
Ерөнхий үзүүлэлтүүд | 2022 | Эрэмбэ |
---|---|---|
Нутаг дэвсгэрийн хэмжээ (мянган км2) | 41.2 | 18 |
Сумдын тоо | 17 | |
Хүн амын тоо (мянга) | 108.9 | 4 |
ДНБ (оны үнээр, тэрбум төгрөг) | 1021.5 | 2 |
Нэг хүнд ногдох ДНБ (оны үнээр, мянган төгрөг) | 9382.1 | 4 |
Ажилгүйдлийн түвшин (%) | 24.8 | 21 |
Инфляци (%) | 16.1 | 21 |