Завхан
1931 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Хантайшир уулын аймгийг татан буулгаж Завхан аймгийг байгуулах шийдвэр гарч байсан ч одоогийн Говь-Алтай аймагтай нэгтгэж салгасаар 1942 онд Гурвансайхан, Жаргалант уулын хошуунаас үүссэн Хөхморьт, Дэлгэр, Баян-Уул сумууд Завхан аймгийн харьяаллаас гаргаж шилжүүлэн өгчээ.
Газар зүй
Монгол Улсын баруун хэсэгт баруун талаараа Ховд, Увс, хойд талаараа Тува улс, зүүн талаараа Хөвсгөл, Архангай, урд талаараа Баянхонгор, Говь-Алтай аймгуудтай хиллэдэг, 1923 онд байгуулагдсан таван аймгийн нэг юм. Аймгийн төв болох Улиастай хот нь Улаанбаатар хотоос 1104 км зайтай оршдог.
Уур амьсгал
Эх газрын эрс тэс уур амьсгалтай, 1-р сарын дундаж температур -20°С-ээс -30°С, Тосонцэнгэл суманд хамгийн хүйтэн хэм -53°С хүрч байв. 7-р сард 13-22°С, жилд өндөр уулсаар 400 мм, баруун хэсгээрээ 80-100 мм, ихэнх нутгаар 200-260 мм тундас унадаг.
Ургамал, амьтан
Нутгийн уулархаг хэсэгт уулын тайгын хөрс, баруун хэсэгт элс, өмнөд хэсгээр нь хээрийн хүрэн хөрс, хойд ба зүүн хэсэгт ой тайга, өмнөд хэсгээр нь хээрийн ургамал тархжээ. Завхан аймгийн нутагт ойн баавгай, гахай, говийн хар сүүлт гэхчилэн олон байгалийн бүсийн амьтан амьдардаг. Нэн ховор амьтан ургамал элбэгтэй.
Онцлог газрууд
Аймгийн Төв Улиастай хот нь Зүүн талдаа хангайн нурууны гол оргил Отгонтэнгэр /4031м/, түүний салбар Тарвагатай, /3227м/ Хуримт, Түдэвтэй, Гурван Халтар, Гялгар, Булнайн /2619м/ нуруу, хойд хилийн дагуу Тагнын нурууны салбар уулстай, уулархаг нутагтай бөгөөд баруун хэсэг нь гүвээ толгод, гол хөндий зонхилсон хээр тал нутагтай юм. Уулсын хооронд Идэр, Завхан, Тэс, Богдын гол болон Хүнгийн голын өргөн хөндийтэй. Баруун, Баруун урд хэсэгт Монголын их элс, Борхярын элсэн манханууд 100-200 км үргэлжилдэг. Тус аймаг нь говь хангай хосолсон нутаг дэвсгэртэй ба 189 гол горхи, 91 нуур, төрөл бүрийн халуун хүйтэн рашаан бүхий 40 гаруй байгалийн үзэсгэлэнт газруудтай.
Эх сурвалж: http://www.zavkhan.gov.mn
Ерөнхий үзүүлэлтүүд | 2022 | Эрэмбэ |
---|---|---|
Нутаг дэвсгэрийн хэмжээ (мянган км2) | 82.5 | 7 |
Сумдын тоо | 24 | |
Хүн амын тоо (мянга) | 72.7 | 14 |
ДНБ (оны үнээр, тэрбум төгрөг) | 553.3 | 15 |
Нэг хүнд ногдох ДНБ (оны үнээр, мянган төгрөг) | 7607.5 | 11 |
Ажилгүйдлийн түвшин (%) | 6.7 | 11 |
Инфляци (%) | 11.6 | 11 |