Говьсүмбэр
Улсын бага хурлын 1991 оны 6-р сарын 21-ны өдрийн 46 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Сүмбэр, Шивээговь хороо, Улаанбаатар хотын Баянтал хороог нэгтгэн улсын зэрэглэлтэй Чойр хотыг байгуулжээ. Харин Улсын Их Хурлын 1994 оны 5-р сарын 6-ны өдөр 32 дугаар тогтоолоор Чойр хотын хилийн цэсээр Говьсүмбэр аймаг 1994 оны 8 сард байгуулагдсан. Улаанбаатар хотоос зүүн өмнө зүгт 250 км-ийн зайд оршдог.
Газар зүй
Хойд талаараа Төв аймгийн Баянжаргалан, Баянцагаан, Баян сумдтай, зүүн ба зүүн хойд хэсгээрээ Хэнтий аймгийн Дархан, Дэлгэрхаан сумдтай, баруун болон баруун өмнөд хэсгээрээ Дундговь аймгийн Баянжаргалан, Цагаандэлгэр, Говь-Угтаал, Дорноговь аймгийн Даланжаргалан сумдтай тус тус хиллэдэг.
Уур амьсгал
Далайн түвшнээс дээш 1000-1200 метрийн өндөрт оршдог говь, тал хээр хосолсон эх газрын эрс тэс уур амьсгалтай нутаг юм. Говьсүмбэр аймагт жилд унах тунадасны хэмжээ говийн бүсийнхээс илүү /дунджаар 200-250 мм/ бөгөөд зундаа 37°С, өвөл -37°С байдаг.
Онцлог газрууд
Аймгийн ард түмний шүтээн Чойрын богд уул. Зүүн жанжин Чойрын хийд нь энэ ууланд оршдог бөгөөд бурхан шашны олон дурсгалт зүйлүүд байдаг. Говьсүмбэр аймаг нь нүүрс, тоосгоны шавар, эрдэс будаг, хайлуур жонш, шохойн болон бал чулууны байгалийн баялаг нөөцтэй аймаг.
Эх сурвалж: http://www.govisumber.gov.mn
Ерөнхий үзүүлэлтүүд | 2022 | Эрэмбэ |
---|---|---|
Нутаг дэвсгэрийн хэмжээ (мянган км2) | 5.5 | 19 |
Сумдын тоо | 3 | |
Хүн амын тоо (мянга) | 18.1 | 21 |
ДНБ (оны үнээр, тэрбум төгрөг) | 114.1 | 21 |
Нэг хүнд ногдох ДНБ (оны үнээр, мянган төгрөг) | 6286.5 | 17 |
Ажилгүйдлийн түвшин (%) | 12.7 | 16 |
Инфляци (%) | 12.3 | 15 |