Баянхонгор
Баянхонгор аймаг нь БНМАУ-ын Бага Хурлын 1941 оны арванхоёр дугаар сарын 11-ны өдрийн 81 дүгээр тогтоолоор 16 сум, 112 баг, 11.8 мянган өрх, 41.8 мянган хүнтэй байгуулагдсан. Монгол улсын нутаг дэвсгэрийн 7.8 хувийг эзэлдэг томоохон аймгуудын нэг юм. Аймгийн төв Баянхонгор хот нь Улаанбаатар хотоос 630 км зайтай оршдог.
Газар зүй
Тус аймгийн нутаг дэвсгэр Монгол орны алтай, хангай, говь, цөл, тал хээр бүхий газар зүйн 4 муж, байгалийн 3 бүс, цаг агаарын 2 бүсийг хамардагаараа онцлогтой. Баянхонгор аймаг нь Сибирийн их тайгаас төв Азийн говь цөлд шилжих бүсэд Монгол Улсын нутаг дэвсгэрийн баруун төв хэсэгт байрладаг. Аймаг нь Өвөрхангай, Өмнөговь, Говь-Алтай, Завхан, Архангай аймгуудтай нутаг залган БНХАУ-тай 140 км нутгаар хиллэдэг. Нутгийн хойд хэсэгт Хангайн нурууны өмнө талын тэгш өндөрлөг болон ойт хээр, дунд хэсгээрээ их нууруудын хотгорын төгсгөл болон тал хээр, өмнөд хэсгээрээ Алтайн цаад говийн цөлөрхөг бүсэд хамрагддаг. Ихэнх нутаг нь далайн түвшнээс дээш 1000-1400 м өргөгдсөн боловч хамгийн нам дор газар болох Эхийн гол 720 м, хамгийн өндөр Их Богд уул 3957 метрт өргөгдсөн юм.
Уур амьсгал
Баянхонгор аймаг нь хөрс цаг уурын олон бичил мужид хуваагддаг. Нутгаар нь дэлхийн усан хагалбарын шугам дайрч өнгөрсөн, нар салхины эрчим хүчний нөөц сайтай, умардын хүйтэн чийглэг уур амьсгалаас өмнөдын хэт хуурайд шилжих явцад үүссэн эрс тэс уур амьсгалтай. Агаарын температур нь хүйтний улиралд дунджаар -18 С-аас 30°С хэм хүйтэн, дулааны улиралд 15-27°С хэм дулаан байдаг. Жилд дунджаар 216.3 мм тунадас унана. Агаарын даралтын дундаж нь 1 сард 812 мм, 7 сард 808.5 мм байна. Салхины хурд жилийн дундажаар 3.1 м/с бөгөөд хамгийн их салхитай, 5 сард 3.9 м/с хүрнэ.
Ургамал, амьтан
Нутгийн хойд хэсэгт ойт хээрийн ургамал, дунд ба урд хэсгээр нь хээрийн болон говийн ургамал тархжээ. Гоёо, цулхир, вансэмбэрүү, лидэр, алтан гагнуур зэрэг ховор ургамал бий. Баянхонгор аймгийн нутагт манай орны байгалийн энэ гурван бүсэд оршдог амьтад тарвага, үнэг, чоно, ирвэс, аргаль, бор гөрөөс гээд бараг цөм байх бөгөөд дэлхийд нэн ховордсон мазаалай гэх амьтан цөөн тоогоор оршиж байна.
Онцлог газрууд
Зээрэнгийн хөндий, Номингийн говь зэрэг Алтайн өврийн их говиуд бий. Говь-Алтайн ууланд 1957 онд газар хүчтэй хөдөлж, Ихбогд, Баянцагааны араар 300 орчим км үргэлжилсэн их хагархай гарсан юм. Байдраг, Түй зэрэг томоохон гол мөрдтэй, Бөөнцагаан, Орог нуур, Хөх нуур зэрэг том нууруудтай. Мөн 95 хэм хүрдэг халуунтай ШаргалжуутҮхэг, Хүрэмт, Халиут, Өргөөтийн рашаан зэрэг олон сайн рашаанууд бий.
Эх сурвалж: http://www.bayankhongor.gov.mn/index.php?pid=28
Ерөнхий үзүүлэлтүүд | 2022 | Эрэмбэ |
---|---|---|
Нутаг дэвсгэрийн хэмжээ (мянган км2) | 116 | 4 |
Сумдын тоо | 20 | |
Хүн амын тоо (мянга) | 89.0 | 10 |
ДНБ (оны үнээр, тэрбум төгрөг) | 347.6 | 19 |
Нэг хүнд ногдох ДНБ (оны үнээр, мянган төгрөг) | 3903.7 | 21 |
Ажилгүйдлийн түвшин (%) | 15.5 | 19 |
Инфляци (%) | 13.2 | 17 |