АЙМГУУДЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН СУДАЛГААНЫ ТУХАЙ
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг 2012 оноос эрхлэн гаргаж байна. Энэ нь хот хөдөөгийн ялгаа, тэгш бус байдлыг арилгах асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, бодлого боловсруулагчдыг судалгааны бодитой мэдээллээр хангах, улмаар аймгуудын өрсөлдөх чадварыг сайжруулахад хувь нэмрээ оруулах бидний ажлын эхлэл юм.
Тус судалгааны зорилго нь Монгол Улсын 21 аймгийн хөгжлийн түвшинг харьцуулан үнэлэх, аймгуудын өрсөлдөх чадварыг цогц байдлаар тодорхойлох явдал юм. Судалгаагаар аймаг бүрийн хөгжлийн давуу ба сул талыг тогтоож, өрсөлдөх чадварын боломж, чадавхийг үнэлэн тогтвортой, урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулахад ашиглахуйц өргөн хүрээний мэдээллийн санг бүрдүүлж байна.
Аймгуудын хөгжлийг үнэлэх энэхүү судалгаа нь тодорхой аргачлалын дагуу тогтмол буюу жил бүр боловсруулагдан гарах бөгөөд орон нутгийн өрсөлдөх чадварын ахиц, өөрчлөлтийг хянах боломж олгоно.
Аймгуудын өрсөлдөх чадварыг хооронд нь харьцуулж, өрсөлдөх чадварын чиг хандлагыг тодорхойлохоос гадна тухайн аймгийн өрсөлдөх чадварыг хойш татаж буй эсвэл дээшлүүлж буй үзүүлэлтүүдийг тогтоож, өрсөлдөх чадварын давуу, сул талыг үнэлэх боломж олгож буй нь энэхүү судалгааны давуу тал юм. Ингэснээр ямар аймаг яагаад өрсөлдөх чадварын хувьд бусдаас сайн эсвэл сул байгааг ойлгож мэдэх, тухайн аймаг давуу талаа хэрхэн ашиглаж болох, хөгжлийг хойш татаж буй сул талаа хэрхэн шийдвэрлэх шийдлийг олоход чухал эх үүсвэр болох юм.
Аймгуудын өрсөлдөх чадварыг зөвхөн ДНБ-ий хэмжээ, ажилгүйдлийн түвшин төдийгөөр хэмжин харьцуулах боломжгүй. Учир нь тухайн аймгийн бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаа, иргэдийн амьжиргаанд эдийн засаг, улс төр, нийгмийн болон соёлын гэх мэт олон хүчин зүйл нөлөөлж байдаг. Энэхүү судалгааны хүрээнд аймгуудын өрсөлдөх чадварыг үнэлэхдээ Эдийн засгийн тамир тэнхээ, Засаглалын үр ашиг, Бизнесийн үр ашиг, Дэд бүтэц гэсэн үндсэн 4 бүлэгт багтах 180 орчим шалгуур үзүүлэлтийг ашигласан.
ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГА
Германы Олон Улсын Хамтын Ажиллгааны Нийгэмлэг
Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг нь Холбооны улсын төрийн өмчит компани юм. Нийгэмлэг нь тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын хамтын ажиллагааны зорилтоо биелүүлэхэд нь Засгийн газарт дэмжлэг туслалцаа үзүүлдэг бөгөөд үүний зэрэгцээ олон улсын хүрээнд боловсролын салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Түүнчлэн дэлхийн хүн ард, нийгэм өөрсдийн ирээдүйг хөгжүүлж, амьдралын нөхцөл байдлаа сайжруулахад нь хувь нэмрээ оруулдаг. ГОУХАН дэлхийн 130 гаруй улс оронд үйл ажиллагаа явуулдаг юм. ГОУХАН-ын төв байр Бонн болон Эшборн хотуудад байрладаг бөгөөд Германы бараг бүх муж улсуудад төлөөлөгчтэй, нийт 16 862 ажилтантай юм.
Худалдаа аж үйлдвэрийн танхим
Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь анх 1960 оны 7 дугаар сарын 2-нд “Худалдааны Танхим” нэрээр Танхимын дарга, гадаад худалдааны арбитрч, нарийн бичгийн дарга гэсэн 3 орон тоотойгоор үйл ажиллагаагаа анх эхэлсэн түүхтэй. Худалдааны Танхимын гишүүн байгууллагуудын анхны хурлыг 1961 онд хийж худалдаа, үйлдвэр, аж ахуйн 29 байгууллагыг гишүүнээр элсүүлэн баталсан аж. 1995 онд УИХ-аар Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын тухай Монгол улсын хууль батлагдсанаар хууль эрх зүйн орчин, бүтэц зохион байгуулалтын хувьд шинэчлэгдэж МҮХАҮТ-ын үйл ажиллагаа гадаад дотоодод улам өргөжин тэлэх нөхцөл, боломжоор хангагдсан юм. МҮХАҮТ нь өнөөдөр Монгол улсад бизнесийн үйл ажиллагаагаа явуулж буй нийт аж ахуйн нэгж, компани, үйлдвэр, худалдааны байгууллагуудын дийлэнхийг эгнээндээ нэгтгэсэн, тэдний нийтлэг ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалагч нэр хүнд бүхий байгууллага юм.
Холбоос: http://www.mongolchamber.mn/
Конрад Аденауэр Сан
Конрад Аденау Сан (КАС) нь 1993 оноос эхлэн Монголд өөрийн Суурин төлөөлөгчөө томилон ажиллуулж байгаа цорын ганц улс төрийн Сан юм. Зорилго нь ардчилсан төрийн болон нийгмийн байгууллыг хөгжүүлэх, шилжилтийн үйл явцыг нийгмийн баримжаат зах зээлийн эдийн засгийн тогтолцоо хүртэл даган ажиглаж, тусалж дэмжих явдал юм. Конрад Аденауэрын сангийн бүх үйл ажиллагаануудын бас нэг зорилго нь эмэгтэйчүүд болон залуу боловсон хүчнүүдийг онцгойлон дэмжиж, хөгжүүлэх явдал билээ. Өөрсдөө дангаараа болон 1995 оноос хамтран ажиллаж байгаа УТБА-тай хамтдаа Нутгийн өөрийн удирдах байгууллага, төвлөрлийг сааруулах гэсэн сэдвүүдээр цаашид үргэлжлүүлэн ажиллах болно.
Холбоос: http://www.kas.de/mongolei/mn/
Азийн сан
АНУ-ын Азийн сан 1954 онд байгуулагдсан, Сан Франциско хотод төвтэй, Ази Номхон далайн бүс нутагт илүү нээлттэй нийгмийг хөгжүүлэх зорилго бүхий ашгийн бус, төрийн бус байгуулага юм. Хөтөлбөрүүдээрээ дамжуулан тус сан Ази, Номхон Далайн бүс нутгийг илүү нээлттэй болгож, хамтдаа хөгжин цэцэглэхийн төлөө засаглалыг хөгжүүлэн, бодлогыг сайжруулж, институцийг бэхжүүлдэг. Сангийн орлогыг АНУ, Европ, Канад, Австрали ба Азийн компаниуд, сангууд, хувь хүмүүс, төрийн байгууллагуудын хандив, АНУ-ын Конгрессоос олгодог санхүүжилт бүрдүүлдэг.
Холбоос: http://asiafoundation.org/