• БИДНИЙ ТУХАЙ
    • ҮҮСГЭН БАЙГУУЛЛАГЧ
    • ТҮҮХЭН ЗАМНАЛ
    • СУДАЛГААНЫ ТУХАЙ
    • АЙМГУУДЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН
    • МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
    • ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ
    • ХОЛБОО БАРИХ

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ

Бид юу судалдаг вэ?
  • Монгол улсын өрсөлдөх чадварын тайлан
  • Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төв нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Швейцарь дахь Дэлхийн өрсөлдөх чадварын төвтэй хамтран Монгол Улсын өрсөлдөх чадварын жил тутмын иж бүрэн судалгааг хийж байна. Энэхүү судалгаанд Монгол Улсын хөгжил дэвшлийн түвшинг Сингапур, Болгар, Катар, Казахстан зэрэг нийт 14 оронтой Дэлхийн өрсөлдөх чадварын тайлангийн аргачлалын дагуу хэмжин нийт 330 илүү шалгуур үзүүлэлтийн дагуу индекс тооцож, эрэмбэлдэг.
  • Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан
  • Төвийн зүгээс аймгуудын хөгжлийн өнөөгийн түвшин, өрсөлдөх чадварыг 180 орчим үзүүлэлтийн дагуу тодорхойлох судалгааны хийдэг.Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа нь өрсөлдөх чадварыг харьцуулж, чиг хандлагыг тодорхойлохоос гадна тухайн аймгийн өрсөлдөх чадварыг хойш татаж буй эсвэл дээшлүүлж буй үзүүлэлтүүдийг тогтоож, өрсөлдөх чадварын давуу, сул талыг үнэлэх боломж олгож буй нь энэхүү судалгааны давуу тал юм. Ингэснээр аль аймаг яагаад өрсөлдөх чадварын хувьд бусдаас сайн, эсвэл сул байгааг ойлгож мэдэх, тухайн аймаг давуу талаа хэрхэн ашиглаж болох, хөгжлийг хойш татаж буй сул талаа хэрхэн шийдвэрлэх шийдлийг олоход чухал эх үүсвэр болох юм.
  • Бусад судалгаа
  • Үүний зэрэгцээ бид дараах ерөнхий чиглэлүүдийн дагуу судалгаа, шинжилгээний ажлуудыг хйидэг.
  • Эдийн засаг ба санхүүгийн загварчлал
  • Бодлого, зөвлөмжийн судалгаа
  • Орон нутгийн төслийн менежмент
  • Сургалт, сурталчилгаа
  • Тухайлбал: макро эдийн засаг болон банк санхүүгийн салбарын гол үзүүлэлтүүдийн өөрчлөлт, хандлагыг тусгасан тоймыг англи, монгол хэлээр сар бүр бэлтгэн гаргадаг. Мөн улирал тутмын банкны салбарын өрсөлдөөний тойм, албан бус секторын судалгаа, уул уурхайн салбарын нөхцөл байдлын судалгаа, ногоон ажлын байр, эрчимм хүчний салбар зэрэг бие даасан судалгааны ажлуудыг хийдэг.
Өрсөлдөх чадвар гэж юу вэ?

Өрсөлдөх чадвар гэдэг нь сүүлийн 20 жилийн хугацаанд эдийн засгийн ухаанд өргөнөөр хэрэглэгдэх болсон олон талт, нэгдмэл ойлголт юм.

Өрсөлдөх чадварын хүрээнд бид үр ашиг, сонголт, нөөц, зорилт зэрэг олон сэдвүүдийг ярих боломжтой бөгөөд зөвхөн эдийн засгийн хүч чадал, баялаг, эсвэл эрх мэдлээр хязгаарлагдах ойлголт бус, харин нөөц болон чадавхийн төлөө улс орнууд олон улсын хэмжээнд хэрхэн өрсөлддөг талаар олон талт зураглалын том хүрээний тодорхойлолт болж байгаа юм.

Өрсөлдөх чадвар хэмээх өнөөгийн ойлголт нь эдийн засгийн сэтгэлгээний урт хугацааны ажлуудын үр дүн билээ.Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс гаргадаг тайланд дурдсанаар хураангуй болон онолын тодорхойлолт нь:

  • Хураангуй тодорхойлолт: “Өрсөлдөх чадвар судлал” нь улс орнууд болон компаниуд хөгжилд хүрэх, ашиг олохын тулд өөрсдийн чадавхиудын бүрдлийг хэрхэн удирдаж байгааг судална.
  • Онолын тодорхойлолт: Улс орнуудын “өрсөлдөх чадвар судлал” нь эдийн засгийн шинжлэх ухааны нэгэн салбар бөгөөд аливаа орны компаниуд нь илүү өндөр ашиг орлоготой, ард түмэн нь илүү чинээлэг, хангалуун амьдралтай байх орчныг бүрдүүлэх, хөгжүүлэх талаар бодит байдал, бодлого хоёрыг харьцуулан судалдаг юм.
Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан хэдэн оноос гарч эхэлсэн бэ?

Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг 2012 оноос эхлэн гаргаж байна.

Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг хэн ашиглаж болох вэ?

Төр засгийн байгууллагууд бодлогийн хэрэгжилтээ дүгнэж аймгуудыг хооронд нь харьцуулан дүгнэх.

Аймгийн удирдлага, байгууллага, иргэд нь тухайн аймгийн давуу ба сул тал, хүндрэл бэршээлийг харж өрсөлдөх чадвараа хэрхэн сайжруулах тал дээр анхаарлаа хандуулах.

Бизнесийн байгууллагууд аймгуудын өрсөлдөх чадварыг судалж аль аймагт хөрөнгө оруулалт хийх боломжтой байгаа эсэхийг шийдвэрлэх.

Эрдэм шинжилгээний байгууллагууд аймгуудыг харьцуулж судалгаа шинжилгээ хийж дүгнэлт гаргах бөгөөд сонирхсон бусад хүн бүр чөлөөтэй ашиглах боломжтой.

Аймгуудын өрсөлдөх чадварыг хэмжиж буй үндсэн үзүүлэлтүүд гэж юу вэ?

Монгол Улсын 21 аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээг багцлан гаргаж буй үндсэн 4 бүлэг, тэдгээрийг нарийвчлан үнэлэх тус бүр 4 дэд бүлэг буюу нийт 16 дэд бүлэг үзүүлэлтүүд юм.

Эдийн засгийн тамир тэнхээЗасаглалын үр ашигБизнесийн үр ашигДэд бүтэц
Эдийн засаг
Эдийн засгийн салбарууд
Хүн амын амжиргааны түвшин
Хөдөлмөр эрхлэлт
Аймгийн төсөв
Институцийн тогтолцоо
Бизнесийн эрхзүй
Нийгмийн тогтолцоо
Бизнесийн орчин
Хөдөлмөрийн зах зээл, бүтээмж
Санхүү
Менежментийн хэвшил
Үндсэн дэд бүтэц
Технологийн дэд бүтэц
Шинжлэх ухаан, боловсрол, соёл
Эрүүл мэнд, хүрээлэн буй орчин
Эдийн засгийн тамир тэнхээ гэж юу вэ?

Тухайн аймгийн макро эдийн засгийн ерөнхий төлөв байдал, эдийн засгийн салбаруудын хөгжил, хүн амын амжиргааны түвшин, хөдөлмөр эрхлэлт зэрэг шалгуурыг хэмжиж гаргадаг үзүүлэлт юм.

Засаглалын үр ашиг гэж юу вэ?

Өрсөлдөх чадварыг дэмжих аймгийн удирдлагын бодлого шийдвэр, түүний цар хүрээг аймгийн төсөв, институцийн тогтолцоо, бизнесийн эрх зүй, нийгмийн тогтолцоо гэсэн дэд бүлгүүдийг хамардаг үндсэн үзүүлэлт юм.

Бизнесийн үр ашиг гэж юу вэ?

Аймгийн бизнесийн байгууллагуудын үр ашигтай, хариуцлагатай, шинэлэг үйл ажиллагаа явуулах чадамжийг судлахын тулд бизнесийн орчин, хөдөлмөрийн зах зээл, бүтээмж, санхүү, менежментийн хэвшилтэй холбоотой үзүүлэлтүүдээс бүрдэнэ.

Дэд бүтэц гэж юу вэ?

Аймгуудын дэд бүтэцтэй холбоотой технологи, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд, соёл, хүрээлэн буй орчин зэргийг бүхэлд нь авч үзэх ерөнхий бүлэг хүчин зүйл юм.

Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааны мэдээлэл нь ямар төрлийн тоо, баримтад үндэслэдэг вэ?

Аймгуудын өрсөлдөх чадварыг үнэлэх нийт 180 орчим шалгуур үзүүлэлтийн ойролцоогоор 2/3 нь статистик мэдээлэл, 1/3 нь санал асуулгын мэдээлэл байна. Статистик мэдээллийн 25 хувь нь ерөнхий мэдээлэл байх ба өрсөлдөх чадварын индексийн тооцоололд ордоггүй, нэмэлт мэдээлэл өгөх зорилготой үзүүлэлтүүд юм.

Аймгуудын өрсөлдөх чадварын статистик мэдээллийг хаанаас авдаг вэ?

Статистик мэдээлэл нь өрсөлдөх чадварыг тодорхой хугацаанд (өнгөрсөн нэг жилд гэх мэт) харьцуулж, хэмжиж харуулдаг ба өрсөлдөх чадвар ямар түвшинд байгааг илэрхийлдэг. Статистик мэдээллийг Үндэсний статистикийн хорооны мэдээлэл дээр голлон гаргадаг.

Санал асуулгыг хэрхэн авдаг вэ?

Удирдах ажилтны санал асуулгад 21 аймаг тус бүрт үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн төлөөлөл, бизнесийн байгууллагын дунд болон дээд шатны удирдах ажилтнууд хамрагддаг. Ингэхдээ удирдах ажилтнуудыг энгийн санамсаргүй түүврийн аргаар сонгож хамруулдаг. Түүврийн хэмжээг аймаг бүрээс 2012, 2013 онд нийт 525 оролцогчтойгоор 2014 онд нийт 1050 оролцогчтойгоор авсан.

Санал асуулгад оролцогчдыг яагаад тухайн аймгаас нь сонгодог вэ?

Судлагдаж буй аймгуудын талаарх бүх талын мэдлэг, мэдээлэлтэй хүмүүсийг нийслэл хотоос олноор олох боломжгүй юм. Тиймээс судалгааг тухайн аймагт үйл ажиллагаа явуулж буй бизнесийн байгууллагуудын удирдах ажилтнуудыг санал асуулгад хамруулдаг. Ингэснээр судалгааны үр дүн бодит байдалд илүү дөхөж очих боломжтой байдаг.

Ийм их хэмжээний мэдээлэл цуглуулах шаардлагатай юу?

Тухайн аймгийн өрсөлдөх чадварыг тодорхойлохдоо аль нэг үзүүлэлтээс үүдэж буруу ойлгогдохоос сэргийлэхийн тулд олон тооны шалгуур үзүүлэлтийг ашигладаг.

Ийнхүү өрсөлдөх чадварыг нийт 180 орчим шалгуур үзүүлэлтийн дагуу тооцоолдог учраас аль нэг үзүүлэлт нь бүх үнэлгээний ерөнхий дүнд үзүүлэх нөлөө тун хязгаарлагдмал байдаг.